• chrd@mongolnet.mn
  • +976 11-319037

МОНГОЛ УЛС: АМЛАЛТААС ҮЙЛ АЖИЛЛАГАА РУУ ШИЛЖИХ ЦАГ БОЛЛОО

Олон улсын Хүний Эрх, Хөгжлийн Азийн Форум (FORUM-ASIA), Монгол дахь гишүүн байгууллага Хүний Эрх Хөгжил Төв, Глоб Интернэшнл Төвтэй хамтран 2018 оны 11-р сарын 12-13-ны өдөр “Хүний эрх болон хөгжлийг хөхиүлэн дэмжих нь” Үндэсний хүний эрхийг Хамгаалагчдын хамтарсан зөвлөгөөн Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгууллаа. Улаанбаатар хот болон орон нутгийн хүний эрхийн байгууллага, хүний эрхийг хамгаалагчид, Монгол улсын ГХЯ, ХЭҮК-ын төлөөлөл зэрэг олон оролцогч цугларан хүний эрхийн тулгамдсан асуудлуудыг ярилцан хэлэлцлээ. Малайз улсын хуульч-өмгөөлөгч, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх чиглэлээр мэргэшсэн шинжээчид зөвлөгөөнд оролцож туршлагаа хуваалцав. Хоёр өдөр үргэлжилсэн хэлэлцүүлгийн явцад Оролцогчид, хүний эрхийг хамгаалагчид ялангуяа хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын болон дотоодын компаниудын заналхийлэл, доромжлол, сүрдүүлэгт өртөх магадлалтай хэвээр байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Хүний эрхийг хамгаалагчид аливаа улс орны ардчиллын салшгүй нэг хэсэг мөн бөгөөд Монгол улсын тогтвортой, оролцоот, ялгаварлан гадуурхалтаас ангид хөгжлийг хангахад онцгой үүрэг гүйцэтгэдэг. Байгаль орчны идэвхтэн, сэтгүүлч, оюутан, үйлдвэрчний эвлэлийн ажилтан, мөн бусад мэргэжлийн ажилтнууд өөрсдийгөө чөлөөтэй илэрхийлж, шийтгэлээс айлгүйгээр ажлаа тайван амгалан хийх боломжтой байх ёстой. Дарангуй хууль, заалтуудыг хүчингүй болгох, хүний эрхийн олон улсын стандартад нийцсэн хүний эрхийг дээдэлсэн, хамгаалсан хууль, журмыг батлах, баталсан хууль, журмууд нь хэн нэгнийг ялгаварлан гадуурхалгүйгээр хүн бүрд тэгш үйлчилдэг байх орчныг Төр бүрдүүлэх үүрэгтэй. Энэ удаагийн зөвлөгөөнөөр санаа түгшээж буй гурван гол зүйлд анхаарал хандууллаа. Үүнд: нэгдүгээрт, Эрүүгийн хуульд гүтгэлгийн тухай зүйл заалтыг оруулах санал, Зөрчлийн тухайн хуульд буй гүтгэлгийн тухай зүйл заалт, хоёрдугаарт, хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах үр нөлөө бүхий хуулийн төсөл, хууль батлах үйл явц, гуравдугаарт, уул уурхай, хөгжлийн томоохон төслүүдийн хортой үйл ажиллагаа, хүний эрхэд үзүүлж буй сөрөг нөлөө гэсэн үндсэн гурван асуудлыг хөндөж ярилцлаа. Форум-Ази өөрийн гишүүд, түншүүдтэй хамтран 2015 оноос хойш Хүний Эрхийг Хамгаалагчдын Үндэсний зөвлөгөөнийг жил бүр зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жил 4 дэх удаагийн зөвлөгөөнийг явуулж байна. Өмнөх гурван зөвлөгөөнөөс Монгол улсад хүний эрхийг хамгаалагчдын хүчирхэг сүлжээг хэрхэн бий болгох, хамгаалагчдад ажил хийх орчныг хэрхэн бүрдүүлж өгөх зэрэг хүний эрхийн талаар тодорхой алхмууд хийж зөвлөмж гаргасан. Захиргааны Зөрчлийн тухай хууль 2017 оны 7-р сараас мөрдөгдөж эхэлснээс хойш 230 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан, нийгмийн сүлжээ хэрэглэгч энэ хуулийн 6.21-р зүйлийн дагуу шийтгэгдээд байгаа болно.

      Өнгөрсөн нэг жилийн хугацаанд ахиц дэвшил байсан хэдий ч анхаарал татаж буй  эдгээр асуудлын хувьд зарим талаар ухарсан гэж болохоор байна. Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс манлайлан иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран боловсруулсан Хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах хуулийн төсөл боловсруулсан эерэг ахицын зэрэгцээ уул уурхай, газар тариалангийн компаниудын үйл ажиллагаа,  орон нутгийн иргэд, малчдад үзүүлж буй сөрөг нөлөө ихээхэн нэмэгджээ. Сэтгүүлчдийг хамруулан хүний эрхийг хамгаалагчид нэр хүндэд халдах, ялангуяа гүтгэлгийн тухай зүйл заалтыг эрүүгийн шийтгэл гэж үзэх, Зөрчлийн тухай хуульд буй Гүтгэлэг гэсэн заалт оруулсныг  эрс эсэргүүцэж байна. Эдгээр зүйл заалт нь нийгмийг айдаст автуулах сөрөг нөлөөтэй төдийгүй үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг нухчин дарж буй хэрэг мөн. Монголын төр Эрүүгийн  хуулийн төсөлдөө санал болгож буй энэ нэмэлт өөрчлөлтийг баталбал хойш ухарсан хэрэг болно. Монгол Улс хүн бүрийнхээ үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг Үндсэн Хуулиараа, мөн олон улсын хүний эрхийн хэм хэмжээний дагуу баталгаажуулсан. Хүний эрхийг хамгаалагчид, үүний дотор сэтгүүлчид, Засгийн Газрыг иргэхийнхээ өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг ба энэ боломжийг Төр олгох ёстой. Засгийн Газар Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлан боомилоход ашиглагдаж болохуйц бүхий л хууль, тогтоомж, ялангуяа Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлтөөр оруулах гэж буй нэр хүндэд халдах,гүтгэх заалтаа эргэн нягталж,  хуулийн төсөл хэлэлцэх үйл явцдаа бүх талын оролцоог хангах ёстой гэж зөвлөгөөнд оролцогчид үзлээ. Монголын хүний эрхийг хамгаалагчдын сүлжээнийхэн Хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр Хүний Эрхийн Үндэсний Комисс, УИХ-ын Хүний Эрхийн Дэд  Хороо зэрэг хүний эрхийн чиглэлийн гол оролцогчдын хүчин чармайлтыг талархан сайшаасан билээ. Үүний зэрэгцээ, Монголын хүний эрхийг хамгаалагчдыг бүрэн бодит хамгаалалтаар хангах зорилготой энэхүү хуулийн төслийн сүүлийн хувилбарын зарим заалт, тодруулбал, хүний эрхийг хамгаалагч гэсэн тодорхойлолтыг ойлгомжтой болгох, Хамгаалалтын Хороонд тэдний гүйцэтгэх үүрэг, хүний эрхийг хамгаалахад орон нутгийн удирдлагад үүрэг хүлээлгэх зэрэг заалтыг илүү тодорхой болгож, чангатгах зэргээр илүү сайжруулах шаардлагатайг Зөвлөгөөнд оролцогчид зөвлөж байна. Ийнхүү эргэж нягтлах нь хуулийн хамрах хүрээ, үр нөлөө бүхий  хэрэгжилтийг хангахад нэн чухал юм.

Хүний Эрхийн Хамгаалагчдын Үндэсний 3-р зөвлөгөөн

“Хүний Эрхийн Хамгаалах механизм” 2017 оны 9-р сарын 28-29 / National Consultation: Human Rights Defenders (HRDs) Network on Protection Mechanisms

   “Хүний эрх хамгаалагчдын сүлжээ, хамгааллын механизм” сэдвийн хүрээнд Хүний эрхийг хамгаалагчдын үндэсний гуравдугаар зөвлөгөөн энэ сарын 2-3-ны өдөр Улаанбаатар хотод боллоо. Зөвлөгөөнөөр Хүний эрхийг хамгаалагчдын  үндэсний  сүлжээ байгуулахаар санал нэгджээ.  Уг зөвлөгөөнийг НҮБ-д зөвлөх эрхтэй, Азийн 19 оронд гишүүнчлэлтэй, хүний эрх, хөгжлийн төлөөх Азийн Форум /FORUM-ASIA/-аас Хүний эрх хөгжил төв, Глоб Интернэшнл төвтэй хамтран зохион байгуулсан юм. Зөвлөгөөнд оролцсон 50 гаруй байгууллагын төлөөлөл Монгол Улсад хүний эрхийг хамгаалагчид руу чиглэсэн шууд болон далд хэлбэрийн сүрдүүлэг, заналхийлэл нэмэгдсээр байгааг онцлов. Иймд тэднийг хамгаалж, хөгжүүлэх үндэсний механизмыг бий болгох зорилгын хүрээнд хүний эрх хамгаалагчдын  үндэсний сүлжээ байгуулахаар болжээ. Үндэсний сүлжээ нь хүний эрхийг хамгаалагчдад тулгамдсан аюул, эрсдэлийг бууруулах, хамгаалах нөлөөлөл хийх, тэдний холбоо, харилцаа, уялдааг хангаж ажиллана. Түүнчлэн хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах олон улсын хүний эрхийн механизм, стандартууд, эрсдэлд орсон үед үзүүлдэг шуурхай тусламжийн асуудлаар чадавх бүрдүүлэхэд хувь нэмэр оруулна гэж санаачлагчид үзэж байна.